Хууль эрх зүй
Нууцлалын бодлого
EDURA NETWORK нь сургалтын төвүүдийг нэг дор цуглуулж, хүн бүрийг өөрт ойрхон, өөрт тохирсон сургалттай холбох платформ юм. Ингэхийн тулд бидэнд таны хаяг, юу сонирхдог, хэн суралцах зэрэг зүйлийг мэдэх шаардлагатай болдог. Энэ баримт бичигт тэр мэдээллийг хэнээс авдаг, юунд ашигладаг, хэнтэй хуваалцдаг, хэрхэн хамгаалдгийг ил тод тайлбарлана.
Агуулга
Ерөнхий зүйл
Энэхүү бодлого нь EDURA NETWORK платформ — edura.mn вэб сайт болон хамтрагч байгууллагын порталд хамаарна. Платформыг ашигласнаар та энд заасан журмаар мэдээллээ боловсруулахыг зөвшөөрч байгаа болно.
Бид Монгол Улсын «Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай» хуулийн зарчмуудыг баримталдаг: зөвхөн зорилгодоо шаардлагатай мэдээллийг цуглуулах, зөвхөн зөвшөөрсөн зорилгоор ашиглах, эзэмшигчид нь өөрийн мэдээллээ харах, засах, устгуулах эрхийг олгох.
Хамрах хүрээ — хоёр төрлийн хэрэглэгч
- Хэрэглэгч — сургалт хайж, өөрөө болон гэр бүлийнхээ гишүүнийг элсүүлж, төлбөр төлдөг хувь хүн.
- Харилцагч байгууллага — сургалтын төв, түүний салбар, багш, ажилтнууд.
Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Бид зөвхөн та өөрөө оруулсан, эсвэл үйлчилгээг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай мэдээллийг цуглуулна. Дараах жагсаалтаас өөр төрлийн мэдээлэл асуудаггүй.
Бүртгэлийн мэдээлэл
Овог, нэр · И-мэйл хаяг · Утасны дугаар · Төрсөн огноо · Нууц үг
Нууц үгийг задлах боломжгүй хэлбэрээр хадгална — хэн ч тайлж унших боломжгүй.
Гэр бүлийн гишүүн
Овог, нэр · Таны хэн болох · Төрсөн огноо · И-мэйл, утас (сонголтоор)
Насны хязгаартай сургалтад элсэх эрхийг шалгах, суралцагчийг бүртгэхэд ашиглана.
Байршил
Байршлын нэр · Координат · Хаяг · Хот, дүүрэг, хороо
Зөвхөн та өөрөө газрын зураг дээрээс сонгож хадгална. Бид таны байршилд ойр байх сургалтыг тооцоолоход ашигладаг бөгөөд далд хэлбэрээр хянадаггүй.
Сонирхол
Сонгосон сургалтын ангилалууд · Хэний сонирхол болох
Сонирхол нь зөвхөн танд тохирох сургалтыг ялган тодруулж эрэмбэлэхэд ашиглагдана.
Сэтгэгдэл, үнэлгээ
Үнэлгээ · Бичсэн сэтгэгдэл
Нийтэлсэн сэтгэгдэл нь тухайн сургалтын хуудсанд олон нийтэд харагдана.
Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Танд ойрхон сургалтыг олох. Хадгалсан байршлаас тань хүртэлх зайг тооцож эрэмбэлнэ.
- Тохирох сургалтыг тодруулах. Сонирхол болон суралцагчийн нас нь ямар сургалтыг танд зориулж ялган харуулахыг шийднэ.
- Элсэлт бүртгэх. Суудал түр хадгалах, нэхэмжлэх үүсгэх, төлбөр баталгаажуулах, сургалтын төвд бүртгэлийн жагсаалт өгөх.
- Насны шаардлага шалгах. Сургалт насны хязгаартай бол суралцагчийн төрсөн огноог сургалт эхлэх өдрөөр тооцож шалгана.
- Гүйлгээний мэдэгдэл илгээх. Элсэлт баталгаажсан, цуцлагдсан, нууц үг сэргээх зэрэг зайлшгүй и-мэйлүүд.
- Платформыг хамгаалах. Хууль бус нэвтрэлт, автомат халдлагыг илрүүлэх, хязгаарлах.
Дараах зүйлсийг бид хийдэггүй
- Таны хувийн мэдээллийг ХЭЗЭЭ Ч зардаггүй.
- Зар сурталчилгааны сүлжээ, өгөгдөл цуглуулагч гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.
- Таны зөвшөөрөлгүйгээр маркетингийн и-мэйл илгээдэггүй.
- Хэрэглэгчийн зан төлвийг гуравдагч этгээдийн tracker-аар хянадаггүй.
Харилцагч байгууллагын мэдээлэл
Сургалтын төвийн мэдээлэл хоёр хуваагдана: олон нийтэд харагдах танилцуулга, зөвхөн дотооддоо үлдэх ажил хэргийн мэдээлэл.
- Нийтэд харагдах: байгууллагын нэр, танилцуулга, лого, вэб хаяг, салбарын байршил, багш нарын танилцуулга, сургалтын мэдээлэл, үнэ, үнэлгээ.
- Зөвхөн байгууллагадаа харагдах: ажилтны бүртгэл, нэхэмжлэх ба төлбөрийн түүх, санхүүгийн тайлан.
Байгууллагын доторх хандалт ажилтны эрхээр хязгаарлагдана: OWNER эрхтэй ажилтан бүх салбарыг, STAFF эрхтэй ажилтан зөвхөн өөрийн салбарыг л харна. Энэ эрхийг сервер хүсэлт бүрт шалгадаг тул эрх өөрчлөгдмөгц тэр даруй хүчин төгөлдөр үйлчилнэ.
Байгууллага платформоос гарахад бүртгэлийг нь архивлаж, хайлт, элсэлт, нэвтрэлт бүрэн хязгаарлагдана.
Аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ
Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг найдвартай хангахын тулд бид шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.
Нууц үгийн хамгаалалт
Хэрэглэгчийн нууц үгийг шууд хэлбэрээр хадгалдаггүй. Нууц үгийг нэг чиглэлтэй хэшлэх аргаар хамгаалан хадгалдаг бөгөөд нууц үгийг буцаан сэргээж унших боломжгүй.
Шифрлэгдсэн холболт
Хэрэглэгч болон платформын хооронд дамжих мэдээлэл HTTPS протоколоор шифрлэгдэн дамждаг. Ингэснээр мэдээлэл дамжуулах явцад зөвшөөрөлгүй этгээд мэдээлэлд хандах, өөрчлөх эрсдэлийг бууруулдаг.
Хүсэлт бүрт эрхийг шалгана
Хэрэглэгчийн нэвтрэлтийн эрх тодорхой хугацаанд хүчинтэй байсан ч систем нь хэрэглэгчийн эрх, гишүүнчлэлийн мэдээллийг хүсэлт бүрт дахин шалгадаг. Ингэснээр хэрэглэгчийн эрх хасагдсан эсвэл өөрчлөгдсөн тохиолдолд системд цаашид хандах боломжийг шууд хязгаарлана.
Байгууллага хоорондын мэдээллийн тусгаарлалт
Байгууллага бүрийн мэдээлэл системд тусдаа хадгалагдаж, хүсэлт бүрт тухайн байгууллагын харьяаллыг шалган баталгаажуулдаг. Ингэснээр нэг байгууллагын файл, мэдээллийг өөр байгууллагын хэрэглэгчид харах, ашиглах боломжгүй.
Картын мэдээлэл платформд хадгалагддаггүй
Төлбөрийг QR код болон банкны шилжүүлгээр гүйцэтгэдэг. Картын дугаар, CVV код болон интернэт банкны нэвтрэх мэдээлэл зэрэг эмзэг мэдээлэл манай платформд дамждаггүй, хадгалагддаггүй. Эдгээр мэдээллийг зөвхөн холбогдох банк болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн хамгаалагдсан системээр хүлээн авч боловсруулна.
Нууц үг сэргээх холбоос
Нууц үг сэргээх холбоос нь 60 минутын хугацаанд хүчинтэй бөгөөд нэг удаа ашигласны дараа дахин ашиглах боломжгүй болно. Ингэснээр сэргээх холбоосыг зөвшөөрөлгүй ашиглах эрсдэлийг бууруулна.
Автомат халдлагаас хамгаална
Систем нь нэг хэрэглэгчийн хаяг болон эх үүсвэрээс ирэх хүсэлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, автомат халдлагаас хамгаална. Ингэснээр нууц үгийг олон удаа автоматаар таах зэрэг халдлагын эрсдэлийг бууруулна.
Таны талаас хийж болох зүйл
- Зөвхөн энэ платформд ашиглах, өөр газар давтагдаагүй нууц үг сонгоно уу.
- Нийтийн компьютер дээрээс ажлаа дуусмагц системээс гарна уу.
- Бид и-мэйлээр нууц үг хэзээ ч асуудаггүй — тийм захидал ирвэл хариу бичихгүй, бидэнд мэдэгдэнэ үү.
Хүүхэд болон гэр бүлийн гишүүний мэдээлэл
Платформ дээрх суралцагчдын дийлэнх нь хүүхэд байдаг. Хүүхдийн мэдээллийг зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн бүртгэлээс оруулна — хүүхэд өөрөө бүртгэл үүсгэхгүй, өөрийн нэвтрэх эрхгүй.
- Хүүхдийн мэдээллийг зөвхөн насны шаардлага шалгах, суралцагчийг нэрлэх, ирцийн жагсаалтад оруулахад ашиглана.
- Бид хүүхэд рүү шууд и-мэйл, мэдэгдэл илгээдэггүй — бүх харилцаа эцэг эхийн бүртгэлээр дамжина.
- Гэр бүлийн гишүүнийг та хүссэн үедээ устгах боломжтой. Бүртгэл нь бүрэн устах бөгөөд өмнөх элсэлтэд зөвхөн суралцагчийн нэр үлдэнэ — санхүүгийн баримтын бүрэн бүтэн байдлын үүднээс.
Мэдээллийг хэр удаан хадгалдаг вэ
- Бүртгэлийн мэдээлэл — таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд.
- Байршил, сонирхол, гэр бүлийн гишүүн — та өөрөө устгах хүртэл.
- Элсэлт, нэхэмжлэх, төлбөрийн бүртгэл — хуулиар тогтоосон хугацаанд. Эдгээрийг таны хүсэлтээр устгах боломжгүй; шалтгааныг доор тайлбарлав.
«Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль»-ийн 11.1 дэх заалтад:
«Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн баримт болон санхүүгийн тайланг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 10-аас доошгүй жил хадгална.»
Нэхэмжлэх, төлбөрийн баримт нь уг хуулийн үйлчлэлд хамаардаг тул тэдгээрийг хадгалах нь бидний сонголт биш, хуулиар хүлээсэн үүрэг юм. Мөн «Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль»-ийн 16.1.6-д мэдээллийн эзний устгуулах эрхийг «хуульд заасны дагуу» хэрэгжинэ гэж заасан нь энэ хоёр хуулийн уялдааг тогтоож өгдөг.
Таны эрх
Та өөрийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхийг эдэлнэ:
- Харах. Профайл хуудсандаа өөрийн бүх мэдээлэл, гэр бүлийн гишүүд, байршил, элсэлтийн түүхээ бүрэн харна.
- Засах. Нэр, утас, төрсөн огноо, зураг зэргийг «Профайл засах» хэсгээс хэдийд ч өөрчилнө.
- Устгах. Байршил, гэр бүлийн гишүүн, сонирхлын сонголтоо өөрөө устгана.
- Бүртгэлээ хаах. Бүртгэлээ бүхэлд нь устгуулах хүсэлтээ доорх хаягаар илгээнэ үү — хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хуулиар хадгалах үүрэгтэй санхүүгийн бүртгэл үлдэхийг анхаарна уу — 8 дугаар хэсгээс дэлгэрэнгүйг үзнэ үү.
- Гомдол гаргах. Мэдээллээ буруу ашигласан гэж үзвэл эхлээд бидэнд хандаж, шийдэгдээгүй тохиолдолд Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох эрх бүхий байгууллагад хандах эрхтэй.
Бодлогын өөрчлөлт
Платформд шинэ боломж нэмэгдэх, хууль тогтоомж өөрчлөгдөхөд энэхүү бодлогыг шинэчилж болно. Шинэчилсэн огноо хуудасны эхэнд харагдана. Мэдээлэл цуглуулах, ашиглах зарчимд томоохон өөрчлөлт орох тохиолдолд бүртгэлтэй и-мэйл хаягаар тань урьдчилан мэдэгдэнэ.
Холбоо барих
Нууцлалтай холбоотой асуулт, мэдээллээ устгуулах хүсэлт, гомдол байвал бидэнтэй шууд холбогдоно уу. Ажлын 5 хоногийн дотор хариу өгөхийг зорьдог.
Түгээмэл асуултын хариултыг энд бас үзэж болно.
EDURA NETWORK